Захирлын мэндчилгээ

  • Манай вэб хуудсыг сонирхон үзэж байгаа та бүхэнд 107-р сургуулийн нийт хамт олны өмнөөс зочилж буй өдрийн тань мэндийг хүргэе.

    Тус 107-р сургууль нь СХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэр “Нарангийн гол”-ийн цэнхэр дэлгүүр орчим  2006 оны 11-р сард байгуулагдан, 2007 оны 1-р сараас боловсролын үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн захын хорооллын шинэхэн сургууль боловч, 2011 онд “Оны шилдэг байгууллага”, 2010, 2015 онуудад СХД-ийн “Тэргүүний сургууль”-аар шалгарсан, авьяаслаг олон шавь нартай амжилт бүтээл арвинтай сургууль юм.

    Нийт 640 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 1757 сурагчидтай, 54 бүлэг 3 ээлжээр хичээллэж байна. 82 багш, 24 ажилтан ажиллагсадтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

    Манай хамт олон өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг, ухаалаг, хариуцлагатай, зөв монгол иргэн төлөвшүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж, сургалтыг чанаржуулах, чадварлаг багшлах боловсон хүчинтэй болох, сургалтын эрүүл аюулгүй, таатай орчин бүрдүүлэхээр гар бие, сэтгэл зүрх гарган ажиллаж байна.

    Сүүлийн жилүүдэд тус сургуулийн найрал дууны сурагчид, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн баг тамирчид дүүрэг нийслэлдээ тогтмол амжилттай оролцож бусдыгаа хошуучилдаг болсон бахдам амжилт дүүрэн байна. Мөн багш нар маань жилээс жилд өөрсдийгөө болон сурагчдаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч олмипиад, уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож бусад сургуулиа хошуучилдаг боллоо. 2017 оны 1-р сард 10 жилийнхээ ойг тэмдэглэн амжилт бүтээл алдаа оноо бүхнээ цэгнэн дүгнэж их ажлын ард гарсан хамт олон бяцхан шавь нар эцэг эхчүүдтэй гүн талархал илэрхийлье.

    Сургуулийн маань бахархал болсон үе үеийн төгсөгчид, эрдэм номд мэрийн суралцаж байгаа бяцхан шавь нар, тэдний маань хайртай эцэг эх, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, шат шатны удирдлагууд, нийт багш ажиллагсаддаа 2018 ондоо аз жаргалтай эрүүл энх байж амжилт бүтээлээр дүүрэн явахыг хүсэн ерөөе. 

    ЗАХИРАЛ АБТА Э.ЭНХТУЯА